Wednesday, November 25, 2015

Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн судалгаа, харьцуулалт

Манай оронд 1990-ээд оны эхнээс 2000 он гартал өрөмдлөгийн ажил зогсонги байдалд орж, үйлдвэрлэлийн бааз боловсон хүчин нь тарж бутарч зөвхөн худаг усны болон алтны шороон ордын хайгуулын цохилтот болон гадаадын хөрөнгө оруулалтаар газрын тосонд өрөмдлөг бага хэмжээгээр хийгдэж байв. 2000 оноос хойш өрөмдлөгийн ажил аажмаар өсөж, 2005, 2006 оноос зах зээлийн зохих өрсөлдөөн үүсэхээр болов.
Манай улсад өрөмдлөгийн бүх чиглэлээр янз бүрийн орны олон төрлийн төхөөрөмжүүд хэрэглэгдэж, өөрийн орондоо ч өрөмдлөгийн төхөөрөмж, зарим багаж сэлбэгийг үйлдвэрлэх, нийлүүлэх оролдлого хийгдэж байна. Гэтэл нөгөө талаас улс орны хэмжээгээр өрөмдлөгийн албаны бодлого, чиглэлийг тогтоох, техник технологийн өөрчлөлт шинэчлэлтэнд анхаарах, энэ чиглэлийн боловсон хүчнийг хариуцах алба, судалгааны ажил эрхлэх байгууллага хэрэв манай мэргэжлийн холбоог эс тооцвол алга байна.
Манайд бидний тооцоолсноор геологи-хайгуул, усны аж ахуй, газрын тос, инженер геологийн болон бусад техникийн зорилготой өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг дотоод гадаадын 20 гаруй компани, олон тооны хувь хүмүүс үйл ажиллагаа явуулж, тэдний эзэмшилд өрөмдлөгийн 100 орчим төхөөрөмж ажиллаж байна (хүснэгт-1). Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг зориулалтаар нь авч үзвэл геологи-хайгуулын баганат өрөмдлөгийн төхөөрөмж - 47%, усны эрэл хайгуул, ашиглалтын өрөмдлөгийх 37%, газрын тосны гүний өрөмдлөгийн 5%, инженер хайгуулын, тэсэлгээний зэрэг техникийн зориулалттай өрөмдлөгийх 11% тус тус ажиллаж байна (зураг-1).
NewPicture191
Зураг -1. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг зориулалтаар нь ангилсан байдал.
Тэдгээрийг үйлдвэрлэсэн улс орноор нь ангилж үзвэл ОХУ-ын 40%, Солонгосын 9%, Австрали, Канад, Японых - 22% зэрэг бусад орных – 29% тус тус байна (зураг - 2).
NewPicture192
Зураг – 2. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэсэн орноор нь ангилсан байдал.
Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг насжилтаар нь авч үзвэл 10 жилээс дээш хугацаанд ашиглагдсан 40%, 10 жилээс доош хугацаанд ашиглагдсан (энд үйлдвэрлэгдсэн оноор нь бус манай оронд орж ирэн ашигласан хугацаагаар нь тооцов) 60% төхөөрөмж байна (зураг-3).
NewPicture193
Зураг – 3. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг насжилтаар нь ангилсан байдал.
Эдгээр төхөөрөмжүүдийг өрөмдөх гүнээр нь ангилж үзвэл 100м хүртэл өрөмдөх хүчин чадалтай төхөөрөмж 38%, 100м-500м хүртэл өрөмдөх 39%, 500м-ээс дээш гүнд өрөмдөх чадвартай 23% тус тус эзлэж байна (зураг-4).
Өрөмдлөгийн тоног төхөөрөмжүүд, тэдгээрийг эзэмшигчийг газарзүйн байршдаар нь авч үзвэл өрмийн нийт төхөөрөмжийн дийлэнхи нь нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад, үлдэх хэсэг нь хөдөө орон нутагт ихэнхи нь аймгийн төвүүдэд байршилтай байна.
Манай оронд ашиглагдаж байгаа өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг хөрөнгө оруулалтын байдлаар нь ангилж үзвэл дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компаниудын мэдэлд 71%, гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компаниудын харъяалалд 29% тус тус ажиллаж байна (зураг - 5).
NewPicture194
Зураг – 4. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг өрөмдөх гүнээр нь ангилсан байдал.
NewPicture195
Зураг – 5. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг хөрөнгө оруулалтаар нь ангилсан байдал.
Хамгийн олон тоо болон төрлийн өрмийн төхөөрөмж “Алтан Дорнод Монгол”, “Мейжер дриллинг”, Эрдэнэтийн ГХА, “Танан Импекс” ХХК зэрэг байгууллагуудад ажиллаж байна.Одоо манайд ашиглагдаж байгаа өрөмдлөгийн ихэнх төхөөрөмжүүд нь нүүдэллэн зөөвөрлөгдөх байдлаараа өөрөө явагч юмуу зөөврийн байдалтай байна.Өндөр хүчин чадалтай, тээвэрлэх хэрэгсэл, өрөмдөх төхөөрөмж, өрөгөх цамхаг, хүчтэй хөдөлгүүрүүд, удирдлага хяналтын нарийн механизм бүхий өрөмдлөгийн төхөөрөмжүүд нь техникийн бодлого, технологийн болон аюулгүй ажиллагаа, байршил,харъяалалын хувьд тодорхойгүй, ямарч бүртгэл, хяналтгүй байна. Энэ нь манай өрөмдлөгийн албыг дагнан харъяалдаг төрийн захиргааны байгууллагагүй, бидний үйлдвэрлэл, үйлчилгээ олон салбарын болон яам, агентлагийн хүрээнд явагддаг зэрэгтэй холбоотой байна. Ердийн нэг Ехсел  маркийн суудлын автомашин Монгол улсын хилээр нэвтрэхдээ нарийн бүртгэл, хяналттай, манайд явахдаа улсын дугаар авч, оношлогоонд орж, тээврийн хэрэгсэлийн улсын үзлэгт хамаарагдан ашиглагдах эрхтэй болдог бол олон арваас олон зуун морины юмуу квт-ын хүчин чадалтай өрөмдлөгийн техникүүд ямарч бүртгэл хяналтгүй ажиллаж байна. Өрөмдлөгийн албаны техникийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажиллагаа ч хариуцах эзэнгүй, учир дутагдалтай байна. Тухайлбал, манай оронд нэгэн үе тухайлбал манай оронд нэгэн үе зөвхөн хөрш зэргэлдээ ЗХУ-ын автомашин, тээврийн хэрэгслүүд дагнан ашиглагдаж байснаа зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэнээр нэг хэсэг олон орны янз бүрийн машин техник орж ирж ашиглагдаж байгаад зах зээлийн далд зохицуулалтаар аажим зохицуулалт явагдаж одоо Солонгос, Япон, Орос 3 орны авто машин техник зонхилж байна. Гэтэл тээврийн салбарт гарсан энэ алдаа оноо манай өрөмдлөгийн албаны практикт мөн адилаар давтагдаж, техникийн тодорхой бодлогогүй явж ирлээ.
Манай орны геологи- хайгуулын салбарт Австрали, Канад, Солонгосын, усны аж ахайн салбарт солонгос ОХУ-гын өрөмийн төхөөрөмжүүд зонхилох ажиллаж байна. Цаашдаа хайгуулын ажлийн гүн өсөхтэй холбогдож өрөмдлөгийн паркийн өөрчлөлт дахин гарагх талтай ч байж болзошгүй.
Дүгнэлт:
1. манай оронд өрөмдлөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлдэг 40 гаруй компани, олон иргэд хувь хүмүүсийн харъяанд 200 шахам өрөмдлөгийн төхөөрөмж ажиллаж байна.
2. Өрөмдлөгийн ажлийн зонхилох хэсэг, томоохон төслүүдэд гол төлөв дотоодын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд (Мейжир Дриллинг Монголь Алтан дорнод монгол, Хубэй ХХК г.м) гүйцэтгэж байна. Сүүлийн үед олон төрллийн өрөмдөгийн төхөөрөмжтэй үндсэний компйниуд бий болж тодорхой төслүүд дээр ажиллах болов.
3. Өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн бүртгэл мэдээлэлүүдийг улс даяар бий болгох нь нэг талаас бодлого зохицуулалт хийх, хяналт тавих, нөгөө талаас захиалагч гүйцэтгэгчийг холбож үйлдвэрлэл бизнес явуулахад чухал ач холбогдолтой болно.
4. Манай өрөмдлөгийн алба нь үйлчилгээний чиглэлтэй, тодорхой яам, агентлагт харъяалагддаггүй ихэнхдээ хувийн хэвшлийн пүүс компаниуд, иргэд хувь хүмүүсээс тогтож байгаа тул мэргэжлийн холбоогоо түшиглэн хөгжилийн чиг хандлагаа тодорхойлж, бодлогоо боловсруулж, ажлын уялдаа зохицуулалтаа хийж, мэдээлэл туршлагаа солилцон эрх ашгаа хамгаалуулан ажиллах нь чухал юм. Дотооддоо өөр хоорондоо харилцах гадаадын мэргэжлийн байгууллага, хүмүүстэй холбоо тогтоон ажиллах, төр засгийн байгууллагуудтай харилцахад мэргэжлийн ТББ-ын үүрэг ач холбогдол цаашдаа ч улам өсөх юм.

Монгол улс өрөмдлөгийн стандарт

Манай уул уурхайн салбар  эрчимтэй хөгжиж байна. Энэхүү хөгжлийг хайгуул, тэр дундаа өрөмдлөгийн салбаргүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өрөмдлөгийн салбарын   хүрээ нь өрөгжиж,   идэвх  нь сэргэсэн  цаг үе үргэлж одоогийнх шиг   таатай байгаагүйг мэргэжилтнүүд ярьж байна. Одоогоос 15 жилийн өмнө Монгол улсын өрөмдлөгийн холбоо  (МУӨХ) байгуулагдаж байсан тэр цаг үе  Өрөмдлөгийн салбарынхны хувьд ажил олдохгүй амаргүй жилүүд байжээ. Өрөмдлөгийн нэгдсэн холбоо байгуулах нь байтугай өрмийн компаниудад ч ажиллахад бэрх байсан тэр хэцүү цагт энэ холбоо байгуулагдаж,   салбарын баганыг эдүгээ хүртэл түшилцсээр ирсэндээ холбооныхон сэтгэл өндөр байна.
Одоо   усны хайгуул, газрын тос, геологи, уул уурхайн чиглэлүүдээр Монголын өрөмдлөгийн компаниуд ажиллаж байна. Монголын өрөмдлөгийн салбарын мэргэжилтнүүд болон компаниудын ажлын ур чадвар дэлхийн түвшинтэй эн зэрэгцэж буй   ч, өрөмдлөгийн холбооныхон салбарын хүрээнд ажиглагдаж буй зарим асуудлыг өнгөрсөн сарын 16-нд болсон Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаараа хөндөн ярилцсан юм. Энэ үеэр   холбооны зарим гишүүнтэй ярилцсан юм. 
МУӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.ЦЭВЭЭНЖАВ: 
Сайн муу хоёр хосолж явдаг шиг өрмийн ажил зогсчихоод байсан хэцүү үед бид энэ холбоог байгуулсан. Энэ утгаараа бид албан тушаал, ашиг орлогын төлөө бус явж ирсэн нь тун сайхан. Өрмийн ажил зогсчихоод манай өрмийнхний хувьд хүнд хэцүү байсан. Энэ мэргэжил ингээд сөнөж байгаа юм уу гэсэн асуудал бидэнд тулгарсан. Иймээс бид өрмийнхнийхээ эрхийг хамгаалж, нэгтгэхээр холбоо байгуулсан нь “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг шиг зөв зүйтэй ажил  болсон юм. Манай холбоо олон нийтээс сайшаал хүртдэг нь үүнтэй холбоотой болов уу.
Зарим улс оронд Өрөмдлөгийн яам байгуулах тухай  асуудал  ч яригддаг. Гэхдээ энэ салбар бол уул уурхай, геологи зэрэг толгойлох салбараа дагаж хөгждөг. Өрөмдлөг бол толгойлох ажил биш. Генерал байж байж цэрэг байдаг, цэрэг байж байж генерал байдаг. Тиймээс бид энэ мэргэжлээ сайн авч явж, үргэлжлүүлнэ үү гэхээс биш, бид дээр нь үү, доор нь уу гэдэг  угаасаа утгагүй хэрэг.
Дэлхийн өрөмдлөгийн салбарыг ангилж үзвэл, геологи 30 хувь, уул уурхай 25 хувь, 20 гаруй хувь нь усны өрөмдлөг, газрын тосны өрөмдлөг 20 хувь, үлдсэн хувь нь барилгын салбарт хамаарч байна. Геологийн өрөмдлөгийн ажлын үнэлгээ нэг метрт 300 ам.доллар байдаг бол газрын тосных 1000 ам.доллар байдаг. Манайд газрын тосны өрмийн ажлыг хийж байгаа ч, тэрхүү ажлыг Хятадын компани  хийдэг. Их ч хэмжээний хөрөнгө оруулалттай ажил. Гадны компаниуд газрын тосны өрөмдлөгийн ажлыг хийчихэж байна. Гэхдээ газрын тосны хайгуулын өрөм 5-10 сая доллар байдаг. Геологийн хайгуулын өрөм 500 мянгаас нэг сая доллар байдаг. Хөрөнгө зарцуулалтын хэмжээ нь арай өөр байгаа биз. Гэхдээ манайхан энэ бизнес рүү орох ёстой. Одоо бол ороогүй байна. Эхлэх л гэж байна.
Ялгаа нь гэвэл ханыг нь тогтоох, цементлэх, яндан суулгаж бэхлэх болон бусад ажлуудаараа өөр юм. Хятадын компаниуд дэлхийд байхгүй хямд үнээр өрөмдөж байгаа ч манайх өрсөлдөх ёстой.
Үүнээс гадна Монгол улс өрөмдлөгийн нэгдсэн стандарттай болох хэрэгтэй байна. Геологийн ажил, өрмийн ажилд стандарт байх ёстой. Стандартаар   шаардахгүй бол нэг дарга нь очоод нэг юм хэлдэг, нөгөө дарга нь бас нэг өөр зүйл хэлдэг. Өрөмдлөг хийх стандарт гаргуулах гэхээр хүмүүс хөдөлж өгдөггүй. Энэ ажилд хөрөнгө их шаарддаг. Манай улсад хөрөнгө, сонирхол бас цаг  хугацаа байгаагүй учраас стандартгүй өдий хүрлээ.
МУӨХ-ны Үйлдвэр-бизнес үйлчилгээний секторын дарга П.Ганбаатар:
Өрөмдлөгийн холбоог яам тамгын газрууд болон бусад компанийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангахуйц болгож сайжруулах бодлого тавин ажиллаж байна. Үүнтэй уялдуулаад манай холбоо гадаад харилцаагаа өргөжүүлэх болно. Тухайлбал, Хятадууд технологийн маш өндөр түвшинд хүрчихээд байна. Тиймээс бид тус улсын өрөмдлөгийн холбоотой холбоо тогтооё гэж төлөвлөж байгаа. Мөн   хэрэглэгчдэд өрөмдлөгийн ажлын техникийн цогц гарын авлагыг эмхэтгэн хүргэе гэж тогтлоо. Үүний үр дүнд хэрэглэгчид ажлын захиалга өгсөн тухайн өрмийн компанийнхаа техникийн чанар стандартыг шалгаж мэдэх боломжтой болох юм.
МУӨХ-ны Сургалт хариуцсан секторын гишүүн Д.Ганлхагва: 
Манай холбоо  сургалт хариуцсан хэсэгтэй. 2004 оноос эхлэн өрөмдлөгийн компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдийг мэргэжлийн зэрэглэлтэй болгох сургалтууд хийж ирсэн. Энэ хугацаанд 250 гаруй мэргэжилтэн, мөн  усны өрөмдлөгийн чиглэлээр 150 хүнд мэргэжлийн зэрэг олгосон байна. Зах зээлийн нийгэмд шилжээд, 1990-2000 оны хооронд геологи хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд ороод байсан. Өрөмдлөгийн ажил ч үүнийг дагаад зогсонги байдалд орчихоод байлаа. Харин 2000 оноос хойш геологи хайгуулын ажил эргээд сэргэж, мэргэжилтэй туршлагатай ажилчид шаардлагатай болсон. Үйлдвэр дээр ажиллаж буй залуучууд мэргэжлийн сургууль төгсөөгүй ч туршлага, чадварын хувьд сайн байдаг. Бид тийм хүмүүсийг сургаж, онолын мэдлэгтэй болгох бодлого барьж, энэ ажлаа амжилттай хийж байна.
Одоогоор “Монгол улсын өрөмдлөгийн холбоо”-ны (МУӨХ) хувьд 58 гишүүн компанитай, 300 орчим хувь хүн, 200 оюутан гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тэргүүлэх эрдэмтэд, байгууллагуудыг гишүүдийн эгнээндээ нэгтгэсэн “МУӨХ” нь 20 орчим онол, практикийн хурал зохион байгуулж, 12 уралдаан тэмцээн зохион байгуулж, арав гаруй судалгааны бүтээл хэвлүүлжээ.  Үүнд “Өрөмдлөгийн онол, арга зүй, техник технологи” нэг сэдэвт бүтээл болон бусад  ном, эмхтгэлүүд багтаж буй юм. 
“МУӨХ” нь цаашдаа хүрээгээ улам өргөжүүлж, орон нутагт салбараа нээж, гадаад харилцаагаа идэвхжүүлэхийг зорьж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болохуйц хувилбарыг бодитоор биелүүлэхэд МУӨХ бэлэн байгаагаа  ч   хурлаар хэлэлцлээ. Гэхдээ төр засаг ТББ-д зарим эрх үүргээ шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа.
Өмнөх 15 жилийн хугацаанд Монголын өрөмдлөгийн салбарын гал голомтыг бадрааж ирсэн тус холбоо хийж бүтээснээ цаашид үргэлжлүүлэн, энэхүү хүндтэй хариуцлагаа улам өндөрт өргөж авч явах итгэл сэтгэл дүүрэн байгаа нь хурлын хэлэлцүүлэг, өрнөлөөс илт мэдрэгдэж байна. Монголын өрөмдлөгийн салбарын өнөөгийн амжилтыг бүрдүүлэхэд тус холбооны хувь нэмэр их байсан. Салбарын ирээдүйн амжилтад ч тэдний хувь нэмэр үнэлшгүй их байх болно.
МУӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батмөнх: 
Уул уурхайн   хамгийн эхний алхмуудын нэг болох өрөмдлөгийн ажилд бидний анхаарах чухал зүйл бол чанар. Ажлын гүйцэтгэл чанартай байхын тулд мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн компаниуд байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн бус хүмүүс олширсон байна. Өрөмдлөг хийнэ гэдэг   мэргэжлийн ажил шүү дээ. Энэ ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийнэ гэдэг нь үндэсний аюулгүй байдалд хамаарах хэрэг юм. Холбоо болон төрийн бус байгууллагын тухай хуулинд зарим нэг өөрчлөлтийг оруулах ёстой   гэж боддог. Төрийн зарим эрх үүргийг төрийн бус байгууллагад   шилжүүлэх ёстой. Төрийн бус мэргэжлийн байгууллага хамгийн наад зах нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад чанарын тодорхойлолт гаргах ёстой. Цаашдаа төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний тодорхой хувийг   гэрээгээр гүйцэтгээд тэр ажлаа чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгөх нь мэргэжлийн байгууллага, холбоодын үндсэн үйл ажиллагааны чиглэл байж болох юм. Ер нь бүх юмыг төр гүйцэтгэх боломжгүй. Ийм учраас ажил үйлчилгээний чанар муудаж байгаа юм. Мэргэжлийн чиглэлийн ажлуудыг тухайлбал сургалт, сурталчилгаа, хяналт тавих, бизнесийн чанартай зүйлд зөвлөгөө өгөх, зэрэглэл тогтоох, хянах зэрэг үүргийг төрийн бус байгууллагуудад хариуцуулдаг болох заалтыг хуулинд  нэмж тусгаж оруулах юм бол бүх юм гольдролоороо чанартай явна гэж үзэж байна. Бид энэ талаар санал боловсруулаад хууль тогтоогчдод өргөн барина гэсэн бодолтой байна.
 

Sunday, November 22, 2015

Инженер геологийн өрөмдлөг\хадан чулуулагт\


Инженер геологийн хадан,хагас хадан гэх мэт чулуулагт "хийн цохилтот эргэлт өрөмдлөг" өрөмдлөгөөр өрөмдлөг хийх жишээ видео-г орууллаа. Доорхи link -ээр ороод үзээрэй.